МОНГОЛ УЛСАД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖИХ АНХНЫ ТОМООХОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотод “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү түншлэлийн гэрээгээр нийслэлийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн дулаан, цахилгааны хэрэглээг тогтвортой хангах зорилготой 300 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна.
Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-д заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх бөгөөд төрийн түншлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар оролцож, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллана.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
Төсөлд орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи, уурын зуух, утаа цэвэрлэгээний дэвшилтэт систем, бүрэн автомат удирдлагын шийдлийг ашиглах бөгөөд агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж 300 МВт-аар нэмэгдэж, жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх шинэ эх үүсвэр бий болно. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний найдвартай байдал, агаарын чанар, иргэдийн амьдрах орчны нөхцөл бодитоор сайжирна.
Төслийн хэрэгжилтийн үе шатанд 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэхээс гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих олон талын үр өгөөжтэй.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Эрчим хүчний яамны төлөөлөл, холбогдох байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн төлөөлөгчид оролцов.
ДЦС-5 төсөл нь Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн бодлоготой бүрэн уялдсан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих эрчим хүчний салбарын анхны томоохон төсөл болж байна. Энэ нь цаашид нийслэлийн дэд бүтцийн бусад төслүүдийг (эрчим хүч, тээвэр, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг) төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн шинэ боломжийг нээж байгаа юм.
